ЭРДЭНЭЗУУ ХИЙДЭД МАЙДАР ЭРГЭНЭ!2025 оны 03-р сарын 19

“Буддын шашны ёсоор замбуулинд “Сайн цагийн 1000 бурхан” ээлжлэн залрах домогтой. Эдүгээ дөрөв дэх бурхан Шагжамунийн үе бөгөөд ирээдүйд Майдар бурхан залрах юм. Хүний ертөнцийн зовлон бэрхшээлийг нимгэлэхээр айлчлан ирэх Майдар бурханыг урин залж жил бүрийн хаврын сайн өдөр хүрээ, хийдийн гадна захаар тойрч эргэдэг эртний уламжлал тогтсон ажээ.

 Майдар бурхан түргэнээ заларч, Замбуутивийн хамаг амьтан түүнтэй учрах болтугай хэмээх их ерөөл талбиж, сүсэгтэн олон маань хамтдаа буян хураах сайхан боломж юм.

Эрдэнэ Зуу хийд Майдар эргэхээрээ үеийн үед алдаршсан ариун газар билээ. Эрт цагт Монгол орны өнцөг булан бүрээс тэмээ, жингээр зорин ирж, Зуугийн Майдар бурхныг үзэж мөргөдөг, ураг садантайгаа уулздаг, хамгийн гоё дээл хувцсаа өмсөн ирдэг байсан түүхтэй.

Энэ уламжлалыг хүндэтгэн үндэсний хувцсаараа гоёж ирэхийг уриалж байна!

Энэ өдөр Майдар бурханыг залж, 108 суваргаа гороо эргэн, хамтдаа ирээдүйн Бурхантай учрах буянаа хураая! Мөн Чойжоо дүгжүү номыг айлтгаж, сор залж, өвчин зовлон, гай барцад, гамшиг зэтгэрээс хамгаалах зан үйлийн хурал болно.

2025.04.05-НЫ ХӨТӨЛБӨР

09:00 – Цогчэн хурал, Майдарын чого

12:00 – Майдар бурхан Лавран дуганаас залрах

14:00 – Маналын дончид, Оройн ерөөл

16:00 – Чойжоо дүгжүү (Сор гаргах)

Монгол түмэн минь, сүсэг бишрэлийн их үйлд сэтгэлээрээ нэгдэж, Эрдэнэ Зуу хийддээ хүрэлцэн ирэхийг урьж байна!

Та бүхний санасан сайн үйл бүхэн номын ёсоор дэлгэрч, хутагтын мөрийг түргэн олох болтугай!

Хуваалцах