Эрдэнэ Зуу хийдБидний тухай

Хийдийн нэрМонгол тулгатны анхны нандин шүтээн ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД

Эрдэнэ зуу хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт харъяалагддаг. Тус байгууллага нь шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэдэд шашны энэрэнгүй үзэл , зөв үйлийг төлөвшүүлэх сайн үйлсийн төлөө олон түмний чин сүсэг бишрэлд тулгуурлан хуулийн дагуу буяны үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэ зуу хийд нь бүтцийн хувьд Хамба лам , Да лам , Гэсгүй лам, Унзад лам,Голч лам, Сул лам нийт 25 лам , аж ахуйн ажилчид 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

1586Байгуулагдсан он
1937Хэлмэгдсэн он
1990Дахин сэргэсэн он

Бидний тухайЭрдэнэ Зуугийн товч түүх

Эрдэнэ зуу хийд нь XVI зууны сүүлч үеэр Абтай сайн хааны Халхад бурханы шашныг нэвтрүүлэн дэлгэрүүлэх талаар явуулсан бодлого, үйл ажиллагааны хүрээнд анх үүсч байгуулагджээ. Абтай сайн хаан аргын тооллын 1586 оны зун буюу билгийн тооллын гал нохой жилийн зуны дунд сарын арван таванд Монголын эртний нийслэл Хархорумын үлдэгдэл болох Тахай нэрт балгасны суурин дээр Эрдэнэ зуугийн анхны сүм Гол зуугийн сүмийн нурууг босгосноор Халхад бурханы шашны анхны хийдийн үндэс суурийг тавьжээ.

Эрдэнэ зуу хийд анх байгуулагдсанаас хойш түүхийн явцад өргөжин тэлэлт, бууран доройтолт,сэргэн мандалт зэрэг хөгжлийн олон үе шатыг туулж бидний үеийг хүрчээ. Эрдэнэ зуу хийд нь Монголын бусад томоохон хүрээ хийдийн адил сүм хийдийн аж ахуйн зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох жас, сан хэмээх санхүү аж ахуйн байгууллагуудтай байжээ. XX зууны эхэн үеийн байдлаар тус хийдийн сүм дуган, аймаг, дацан, хурлын газруудын хэрэглэл албадыг нийлүүлдэг 30 гаруй жас, сангууд байв. Тэдгээр нь мал аж ахуй, худалдаа, гар урлал зэргээр эдийн засгийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан ажээ.

Эрдэнэ зуу хийд ба түүний лам нар нь Монголын бусад сүм хийдүүдийн адил 1930-аад оны үеийн Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн юм. Энэ үеэр тус хийдийн дээд лам нарын дийлэнх нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, түүхийн туршид бүтээгдсэн түүх, шашин соёлын үнэт дурсгал, сүм дуганы цогцолборын ихэнх нь устаж үгүй болоход хүрчээ. Гэвч төр засгийн шийдвэрээр 1940-өөд оноос тус хийдийг улсын хамгаалалтанд авч, сүм дуган, бурхан шүтээнүүдийг нь сэргээн засварлах ажлыг үе шаттайгаар хийж байгаад 1965 онд улсын зэрэглэлтэй шашны түүхийн музей болгожээ.

Эрдэнэ зуу хийдийн хурал нь 1990 онд дахин сэргэж хурал номын үйл ажиллагаа нь эхэлсэн. Одоогоор тус хийд нь лам болж буй хүүхэд, залуучуудад шашны боловсрол олгодог шашны дунд сургуультай, нийт 30 гаруй лам хуваргууд, 10 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний тухайЭрдэнэ зуугийн товч тайлбар

Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрсэний хожуу үеийн дэлгэрэлтийн халх, зүүн Монголын анхны хийд нь Эрдэнэ Зуу юм. Тус хийдийг санаачлан байгуулагч нь Алтан ургийн хүн болох халхын анх дугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын элэнц эцэг, түшээт хаадын өвөг Автай сайн хан билээ. Автай хан 1581-1583 онд өөрийн элч зарж, Түвдийн зарим ламыг урьж уулзаж байгаад 1586 онд 3-р Далай ламтай биечлэн уулзаж, Очирай сайн хан цол, тамгаар шагнагдаж, Бурханы шашныг Халхад дэлгэрүүлэхээр хэлэлцэн тохироод Эрдэнэ Зуу хийдийг байгуулах ажлаа шуурхайлжээ.

1585 онд эхлээд байсан сүмийн гол нурууг (одоогийн гол Зуу сүм) гал нохой жилийн зуны дунд сарын 15 буюу нийтийн тооллын 1586 онд тавьснаар Эрдэнэ Зуу хийд байгуулагдах үндэс суурь болжээ. Эрдэнэ Зууг анх үүсгэн байгуулахдаа огт цоо шинэ газарт байгуулаагүй, харин эртний Хархорум хотын туурин дээр барьсан нь машид гайхамшигтай бөгөөд монголчуудын уламжлалт хот төлөвлөлт, барилга архитектур, урлаг соёл, шашин мөргөлийн нандин өвийг нэгэн зэрэг агуулж байгаа юм.

Эрдэнэ Зуу хийд нь хааш хаашаа 400 гаруй метр хэмжээтэй Соёмбот 108 суваргат дөрвөлжин хэрмийн дунд байрлах ба хэрмийн хойд хоёр өнцгөөс Хархорум хотын их шороон хэрэм умар зүг үргэлжилнэ. 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол-Германы хамтарсан экспедицийн судалгаа хэмжилтээр Хархорум хотын хэрмээр хүрээлэгдсэн талбайн хэмжээ 1500х1000м гэж тодорхойлсон. Гэхдээ 1995-1996 онд ЮНЕСКО-оос зохион байгуулсан Хархорум хотын туурийг авран хамгаалах экспедицийн судалгааны үр дүнд Монголын эзэнт гүрний хот байгуулалттай холбоо бүхий олон тооны барилга байгууламжийн туурь болон археологийн олдвор хэрэглэгдэхүүн, уртаараа 3,2км, өргөнөөрөө 2,5км талбайд тархсан нь тодорхой болсон билээ.

Монголын эртний түүхэн сурвалж бичиг болох “Асрагч нэртийн түүх”, “Эрдэнийн эрхи”, “Эрдэнэ Зуу ба Өндөр гэгээний намтар” зэрэгт Эрдэнэ Зуугийн үүслийн тухай “...урьд Өгөөдэй хаан суусан ба хойно Тогоон төмөр хаан сэлбэн барьж суусан Шарга Азарга хэмээх Шанхат уулын ар дахь Тахай нэрт хуучин балгасанд индэр дэлдэж Эрдэнэ Зуу хэмээх шүтээн бүтээж...” хэмээн газар орон, он цаг, эзэн хаадыг маш тодорхой дурьдсан байна. 1252-1254 онд Хархорум хотод ирж байсан Персийн түшмэл Ала-ад-Дин Ата-Малик Жувейний “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх”, Франц санваартан Гийом де Рубрукын “Монголын Эзэнт гүрэнд зорчсон нь” зохиол болон 1272-1289 онд Хубилай хааны дэргэд алба хашиж байсан Италийн худалдаачин Марко Пологийн аян замын тэмдэглэлд “...Хархорум хотын дэргэд хаанд зориулсан дөрвөн үүдтэй том цэцэрлэг байгуулагдлаа....Хаан энэ сайхан ордондоо жилд 2 удаа морилон ирдэг...” хэмээн тэмдэглэжээ.

Түүнчлэн 1891 онд ирсэн “Орхон шинжилгээний анги”-ийн ахлагч, академич В.В.Радлов “Уг хийд нь тал бүрдээ 250 сажень /1сажень-2,13м/ орчим урттай, тэгш дөрвөлжин хэрмээр хүрээлэгджээ. Тал бүрд нь 22 суварга, ханын голд тоосгоор барьсан хаалгатай. Шинэ барьсан хана нь зузаан бус, Хар балгасынхтай ижил шавар үелүүлэн дэлдэж хийсэн хуучин ханаас ялгарах ажээ. Хуучин хэрмийн хана 3 сажень гаруй өргөнтэй бөгөөд одоо дээгүүр нь өвс ургасан далан байдалтай байгаагийн дээр шинэ ханыг барьсан байна. Үүнээс үзэхэд уг хийд нь эртний барилгын дээр, лам нарын ярьдагаар ямар нэг бэхлэлт цайзын дээр баригдсан нь тодорхой юм” гэж тэмдэглэсэн бол 2005 оноос Монгол Германы Хархорум Экспедици Эрдэнэ Зуугийн ханан хэрэмний доороос удаа дараагийн сорилтын малтлага хийхэд шургааг модоор бэхэлгээ хийж нүүрэн талыг нь тоосгоор өнгөлсөн, шавар дэлдэн дагтаршуулж үйлдсэн 8-9м гаруй зузаатай хүчирхэг хэрмэн дээр баригдсан нь нотлогдсон юм.

Эдгээр бичгийн сурвалж болон археологийн судалгаануудаар Эрдэнэ Зууг эртний Хархорум хотын хааны ордоны хэсэг байсан хэрэмт цайзын дотор барьсан нь тодорхой болж байгаа юм. Эрдэнэ Зуугийн гутгаар ширээт лам, цорж Лувсан-Осор 1701 онд хуучин хэрмийн үлдэгдэл суурь дээр түшиглэн дөрвөн өнцөг тус бүр нижгээд суварга босгосноор 108 суварга баригдах эхлэл болсон байна. Суварга бүтээх ажил цааш уламжилсаар XVIII зууны хоёр дугаар хагасаас энэ ажил хүчтэй өрнөж, Халх дөрвөн аймаг, Их шавь, Ховдын хязгаар, Дөрвөд, Баяд, Өөлд, Урианхай хошууд нийтийн буяны өргөл дэмжлэгтэйгээр уг ажил XIX зууны эхэн гэхэд ерөнхийдөө дууссан байна.

Эрдэнэ Зуу нь түүх, соёлын гурван соёлт давхрагатай бөгөөд тухай бүрт холбогдох гэрэлт хөшөө, барилгын чимэглэл, чулуун арслан зэрэг дурсгалууд одоог хүртэл Эрдэнэ Зуугийн гадна болон дотор талд хадгалагдсаар байна. Эдгээрийн ихэнх нь XIII-XIV зуун буюу Хархорум хоттой холбоотой бөгөөд хар бараан өнгийн хоёр арсланг Уйгурын үед холбогдоно гэж үзсэн байдаг. Мөн цагаан саарал боржин чулуугаар урласан нэг арсланг Эрдэнэ Зуу хийд байгуулагдсанаас хойш, магадгүй XIX зууны үед хийгдсэн болов уу гэж одоогоор үзэж байна.

Эрдэнэ Зуу хийд байгуулагдсанаас хойш эдгээр дурсгалыг туг сүлдний суурь, маанийн үсэг бичих, тахилын ширээ зэрэг төрөл бүрийн зориулалтаар хэрэглэж байсан байна. Өнөөдрийн байдлаар хэрэмт хашаанд нийт 18 барилга байгууламж байгаа бөгөөд ихэнх барилгын архитектур Монгол-Хятад холимог хийц маягтай байгаа бол Лаврин дуган нь Монгол орон дахь Монгол-Төвд маягийн барилгын дурсгалаас өнөөг хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн цор ганц дурсгал болж байна. Түүнчлэн Гурван Зуугийн сүмийн яс модыг цэвэр углуургын аргаар буюу хадаас оруулалгүй зангидаж барьсан нь Монголын төдийгүй дэлхийн уран барилга, архитектурт чаминд тооцогддог юм. Чухамдаа Эрдэнэ Зуу нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу төлөвлөж баригдсан цорын ганц бөгөөд хамгийн эртний хийд болж байна.

Эрдэнэ Зуу хийд нь бурхны шашины улааны урсгалын нөлөөн дор анх байгуулагдсан бол XVIII зууны сүүлч XIX зууны эхэн үед шашны томоохон шинэчлэлт хийх замаар шарын шашны бурхан шүтээн, сургууль мөргөлийг гол болгосон сүм дуган, сургууль дацангуудыг байгуулж байжээ. 1872 оны байдлаар Эрдэнэ Зуу хийд нийт 62 сүм дуган, 500 гаруй барилга байгууламж 1500 орчим ламтай болоод байжээ. Эрдэнэ Зуугийн сүм, дуган, лам нар Монголын бусад хийдүүдийн адил 1930-д оны улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн юм. 1944 оны 5 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс “Монголын ард түмний түүх дурсгалын зүйл болох Хархорум, Эрдэнэ Зуугийн хамтаар хамгаалах ба засварлах” тухай тогтоол гаргаж улсын хамгалалтад авч I,II,III ээлжийн засварын ажлыг 1944-1946 оны хооронд Шинжлэх Ухааны Хүрээлэнгээр эрхлэн гүйцэтгүүлсэн ба түүнээс хойш одоог хүртэл засварын ажлыг үе шаттайгаар хийлгүүлсээр байна.

Эрдэнэ Зууг БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1965 оны 6 сарын 1-ний өдрийн 441-р тогтоолоор улсын зэрэглэлтэй шашны түүхийн сүм музей болгосон юм. Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт нийт 7500 шахам үзмэр хадгалагдаж байгаагаас 120 үзмэр Монгол улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад орсон. ХVI-ХIХ зууны үед холбогдох шашин урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд болох хөөмөл, цутгамал, модон сийлбэр, баримал, шуумал, шүтээн зураг, зээгт наамал зэрэг үзмэрийг нийт 9 сүмд дэглэн үзүүлж байна.

Таны гарт бяцхан шидтэнЦахим айлтгал

Эрдэнэ Зуу Хийд нь сүсэгтэн олон та бүхэндээ цахим ертөнцөөр дамжуулан ном айлтгал бичүүлэх таатай боломжийг танилцуулж байна.