Эрдэнэ Зуу музей үүсэн байгуулагдсан товч түүх

Эрдэнэ Зуу нь Монгол оронд оршин тогтнож байсан төв Азийн нүүдэлчин төрт улсуудын өлгий болох Орхоны хөндий, тэр дундаа Их Монгол улсын нийслэл Хархорум хотын туурин дээр 1586 онд байгуулагдсан. Уг хийдийг санаачлан байгуулагч нь Чингис хааны удмын Халхын Автай сайн хан юм. Эрдэнэ Зуу хийд нь хөгжил бууралтын олон шатыг давж байсан бөгөөд хөгжлийн хамгийн оргил үе болох 18-р зууны сүүл үед хэрмэн хашаан дотроо 60 гаруй сүм дуганатай байжээ. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх сүм дугануудыг нурааж устгасан бөгөөд 20 орчим байгууламж бүрэн нурж усталгүйгээр үлдсэн байна. Эрдэнэ Зуу хийдийг 1944 онд улсын хамгаалалтанд авч сэргээн засварлах ажлыг үе шаттай явуулж өнөөгийн дүр төрхөнд оруулан улмаар 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны Түүхийн Музей болгосон. Тус музей нь сүм музейн хэлбэрээр байгууллагдсан учраас Эрдэнэ Зуу хийдийн сүм дуганы цогцолбор болон тэнд хадгалагдаж байсан шашин, түүх соёлын дурсгалт бүтээлүүдийг хуучин байдлаар нь музейн үзүүллэгийн танхим болгон ашигласан юм. Музей байгуулагдсанаас хойш 1930-аад онд сүм хийдийг эвдэж устгах үед үрэгдэж алга болсон түүх, соёлын үнэт дурсгалуудыг ард олны гар дээрээс олж цуглуулах буюу шинээр сэргээн бүтээх ажлыг эхлүүлсэн бөгөөд музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлэх эл ажилд орон нутгийн ард иргэд чухал хувь нэмэр оруулжээ.

Тухайлбал, Эрдэнэ Зуу музей байгуулагдах үеэр нутгийн сүсэгтэн олон өөрсдийн нууцлан авч үлдсэн тус хийдийн гол нандин шүтээн Гомбогүр бурхан, Зандан Зуу, Махгал бурхан зэрэг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалуудыг авчирч өгсөн байна. Тэрчлэн Ч.Өвгөнхүү, Б.Хунгуу, Х.Чойжамц, Ч.Лувсаншарав, С.Шарав нарын нутгийн уран дархчууд тус хийдийн гол бурхан шүтээнүүдийг сэргээн бүтээж, музейн үзмэр болгон залахад сэтгэл харамгүй хүчин зүтгэж байжээ. Ийнхүү музейн үзмэр, сан хөмрөг нь жилээс жилд өсөн нэмэгдсээр төрөл бүрийн цутгамал, хөөмөл, модон сийлбэр, баримал шуумал, бурханы зураг, зээгт наамал, оёмол урлал, шашны зан үйлийн холбогдолтой эд зүйл, хөгжмийн зэмсэг, цамын баг, хувцас хэрэглэл, сүм хийдийн чимэглэл зэрэг ховор нандин шашны түүх, соёлын эд өлгийн зүйлсээр баяжигдсаар өнөөг хүрсэн юм. 2004 онд Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нь нотолж Дэлхийн Өвд бүртгэсэн. Дэлхийн Өв-Орхоны хөндийн түүх, соёлын газрын томоохон дурсгалын нэг нь Эрдэнэ Зуу билээ. Эдүгээ Эрдэнэ Зуу музей нь 1800 гаруй метр.кв талбайг хамарсан 4-н талдаа асар хаалга бүхий соёмбот суварга, хэрмэн ханаар хүрээлэгдсэн, дотроо эртний ур хийц хэлбэр агууллагаа хадгалж үлдсэн 20 орчим сүм дугана, суварга, олон тооны чулуун болон бусад дурсгалуудыг байрлуулсан байдаг. Сан хөмрөгтөө 7000 гаруй цуглуулгатайгаас Монгол Улсын хосгүй үнэт бүтээл 120 үзмэртэй. Түр үзэсгэлэнгийн танхим болон үзмэр үзүүллэгийн 8 сүмүүдэд нийтдээ 2000 гаруй үзмэр дэглэж үзэгч олонд үйлчилж байна. Музей нь 20-23 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, жилд дунджаар 35-40 мянга гаруй үзэгч хүлээн авч тайлбар таниулга хийн, олон нийтийн шашин, соёл урлаг, түүхийн талаархи мэдлэг боловсрол, танин мэдэхүйн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр тасралтгүй ажиллаж, үйл ажиллагааны баялаг туршлага хуримтлуулсан, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд боломжит түвшинд хүрсний зэрэгцээ ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг музейнүүдийн дунд тэргүүлэх хэмжээний байр суурь эзэлсэн төрийн үйлчилгээний байгууллага юм.

Эрдэнэ Зуу музейн сан хөмрөг, үзмэр үзүүллэгийн танхимууд Эрдэнэ Зуу музей нь сүм музейн хэлбэрээр байгууллагдсан учраас Эрдэнэ Зуу хийдийн сүм дуганы цогцолбор болон тэнд хадгалагдаж байсан шашин, түүх соёлын дурсгалт бүтээлүүдийг хуучин байдлаар нь музейн үзүүллэгийн танхим болгон ашигласан юм. Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт 7000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа бөгөөд эдгээр нь цутгамал, хөөмөл, модон сийлбэр, баримал шуумал, бурханы зураг, зээгт наамал, оёмол урлал, шашны зан үйлийн холбогдолтой эд зүйл, хөгжмийн зэмсэг, цамын баг, хувцас хэрэглэл, сүм хийдийн чимэглэл, бусад гэх мэтээр ангилагдаж байна. Музейн үзмэрийн 70,6% нь сан хөмрөгт, 29,4% нь үзмэрийн танхим болон сүмүүдэд хадгалагдаж байна. Музейн сан хөмрөгийн цуглуулгаас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийт 120ш үзмэр хосгүй үнэтийн зэрэглэлд батлагдсан бөгөөд үүнд цутгамал 56ш, даавуу шороон будаг зураг /танка/ 20ш, чулуун сийлбэр 1ш, хөөмөл 37ш, зээгт наамал 4ш, хувцас хэрэглэл 1ш, модон сийлбэр 1ш бүтээлүүд багтаж байна. Эрдэнэ Зуу музей нь сан хөмрөгийн нэг өрөөтэй бөгөөд 2009-2010 онд ЮНЕСКО-гийн “Монголын музейнүүдийг дэмжих” төслийн хүрээнд стандартын тавиур сав, баглаа боодол, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй болсон. Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгийн үзмэрүүдийг сэргээн засварлах, каталогжуулах, үзмэрүүдийг судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Япон-Монголын хамтарсан Эрдэнэ Зуу төслийн хүрээнд сан хөмрөгт хадгалагдаж буй судар номуудын нэр, утга агуулга, барлаж, хэвлэсэн газар, он цаг хугацаа зэргийг тодорхойлох анхан шатны судалгааны ажил хийгдсэн. Эрдэнэ Зуу музей нь одоогийн байдлаар түр үзэсгэлэнгийн нэг танхимтай бөгөөд 2009 оноос хойш сэдэвчилсэн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс олны хүртээл болгон дэглэн үзүүлж байна. Байнгын үзүүллэг нь Баруун зуу, Гол зуу, Зүүн зуу, Далай ламын сүм, Цамбын сүм, Аюушийн сүм, Жанрайсигийн сүм, Хөх сүмүүдэд дэглэгдсэн байна. Эдгээрээс хийд байх үеийн мөргөлийн гол гурван зуу гэж нэрлэгддэг Баруун зуу, Гол зуу, Зүүн зуугийн сүмд Бурхан багшийн титэм, хувцас өмсгөл болон шавь нар, тахил эд зүйлстэй хамт зохиомжилсон настай, идэр залуу, хүүхэд байх үеийн баримал дүрүүдийг харуулсан байдаг. Мөн Гол гурван зуу сүмүүдэд Монголчуудын нандин, Эрдэнэ зуугийн гол шүтээн Гомбогүр, Балданлхам, Авид, Оточ Манал зэрэг овор хэмжээ том ур хийц сайтай барималуудыг сүм хийдэд нь зохицуулан бүтээжээ. Эрдэнэ зуу хийдэд анх 1786 онд гарсан цамын өмсгөл хэрэгсэлээс 2 цамын баг Гол зууд одоог хүртэл хадгалагдаж байна. Далай ламын сүмд далай ламуудын дүр, Махгал бурханы дүрүүдийг даавуу шороон будгаар бүтээснийг дэглэсэн байдаг бол Аюуш, Цамбын сүмүүдийн онцлох үзмэр нь шавар ханан дээр нь шороон будгаар зурсан ганзай /ханын/ зураг юм. Хөх сүм Жанрайсигийн сүмүүдэд даавуу шороон будгаар бүтээсэн бурханы зураг болон зээгт наамал хосгүй үнэт үзмэрүүдийг голчлон дэглэсэн байдаг. Музейн сан хөмрөгт байгаа үзмэрүүдээс нийтийн хүртээл болгохын тулд Номунханы сүм, Нархажидын сүм, Ригсүмгомбын сүмүүдийг сэргээн засварлан үзмэр дэглэх байнгын үйл ажиллагаанд оруулах зорилго тавин ажиллаж байна.

 

Гурван Зуугийн сүм

Гол Зуу

Зуу Бурхан залсан энэ гурван сүмийг Гурван Зуугийн сүм гэж нэрлэдэг бөгөөд гол Зуугийн сүмийг хамгийн анх буюу 1586 онд бариулсан нь Эрдэнэ Зуу хийд байгуулагдсан тоолол гэж үздэг юм. Энэ сүмийн хойморт залрах гурван бурханы голынх нь Зуу бурханы /Бурхан багш/ идэр залуу үеийг, түүний баруун гар талд нь Амитаба /Цаглашгүй гэрэлт/ диваажингийн /амгалангийн орон/ эзэн Бурхан, зүүн гар талд оточ Манла буюу эрүүл мэндийн Бурханы шуумал шүтээн байдаг. Түүний өмнө талд Бурхан багшийн хоёр шавь болох Шаарибуу, Моголжибуу. Тэр хоёрын өмнө Наран, Саран Бодисадва оршино. Баруун, зүүн талын хоёр ханыг дагаад Сэмбажад /найман баатар сэтгэлтэн/ буюу найман их Бодисадвын шүтээн баримал босоогоор залрана. Үүдний зүүн гар талд Эрдэнэ Зуу хийдийн гол нандин шүтээн Гомбогүр /Гүргон/ сахиус, баруун гар талд арван Хангалын цорын ганц бүсгүй сахиус болох Балданлхам /Цогт охин тэнгэр/ нар хамгаалан оршино. Гол Зуугийн сүм нь хоёр давхар бөгөөд дээд давхарыг сайн цагийн мянган бурханы орон гэж нэрлэдэг. Энэ давхарт  хагас тохой хэмжээтэй мянган бурхадын шүтээн дүр залаатай байдаг ба бясалгал хийдэг байжээ. 
Read more