b5f45ba2505b09e7big

Гурван Зуугийн сүм

Гол Зуу

Зуу Бурхан залсан энэ гурван сүмийг Гурван Зуугийн сүм гэж нэрлэдэг бөгөөд гол Зуугийн сүмийг хамгийн анх буюу 1586 онд бариулсан нь Эрдэнэ Зуу хийд байгуулагдсан тоолол гэж үздэг юм. Энэ сүмийн хойморт залрах гурван бурханы голынх нь Зуу бурханы /Бурхан багш/ идэр залуу үеийг, түүний баруун гар талд нь Амитаба /Цаглашгүй гэрэлт/ диваажингийн /амгалангийн орон/ эзэн Бурхан, зүүн гар талд оточ Манла буюу эрүүл мэндийн Бурханы шуумал шүтээн байдаг. Түүний өмнө талд Бурхан багшийн хоёр шавь болох Шаарибуу, Моголжибуу. Тэр хоёрын өмнө Наран, Саран Бодисадва оршино. Баруун, зүүн талын хоёр ханыг дагаад Сэмбажад /найман баатар сэтгэлтэн/ буюу найман их Бодисадвын шүтээн баримал босоогоор залрана. Үүдний зүүн гар талд Эрдэнэ Зуу хийдийн гол нандин шүтээн Гомбогүр /Гүргон/ сахиус, баруун гар талд арван Хангалын цорын ганц бүсгүй сахиус болох Балданлхам /Цогт охин тэнгэр/ нар хамгаалан оршино. Гол Зуугийн сүм нь хоёр давхар бөгөөд дээд давхарыг сайн цагийн мянган бурханы орон гэж нэрлэдэг. Энэ давхарт  хагас тохой хэмжээтэй мянган бурхадын шүтээн дүр залаатай байдаг ба бясалгал хийдэг байжээ. 

Баруун Зуу

Энэ сүмийг (баруун Зуугийн сүм) 1588 оноос Автай ханы хүү бөгөөд Түшээт хан Гомбодоржийн эцэг Эрээхэй мэргэн хөрөнгийг нь гарган гэр бүлийн хамтаар бариулсан байна. Гурван Зуугийн сүмийн яс модыг цэвэр углуургын аргаар буюу хадаас оруулалгүй зангидаж барьсан нь Монголын төдийгүй дэлхийн уран барилга, архитектурт чаминд тооцогддог юм. Уг сүмийн хойморт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бурхан болох Одсүрэн (Гэрэл сахигч), Зуу Бурханы настай үе,  Майдар (Асрангуйт) бурханы шуумал шүтээнүүд зүүнээс баруун гар тийш оршино. Баруун гар талын хананд Бурхан багшийн арван найман өдрийн амьдрал, үйл явдлыг харуулсан зураг, зүүн гар талын хананд Богд Зонхаба шавь нарын хамт дүрслэгдсэн байдаг. Эрдэнэ Зуу 1965 онд музей болсон ба нээлтэнд нь зориулан хийсэн балингуудыг үүдний хоёр талын шилэн хорго дотор дэглэсэн байна. Энэ сүмийн хоёр баганыг луу ороолгон шуумлын аргаар чимэглэсэн бөгөөд лууны дотор талд хонины ноос ашиглажээ.    

Зүүн Зуу

Энэ сүмийн /зүүн Зуугийн сүм/ хоймор, гол хэсэгт Зуу бурханы балчир үе, түүний баруун гар талд Чагши /дөрвөн мутарт/ Жанрайсиг, зүүн гар талд нь Зонхаба ламын шуумал шүтээнүүдийг залсан байдаг. Хоёр талын хана дагасан шилэн хорго дотор XVIII-XIX зууны үеийн нутгийн урчуудын урласан зэс хөөмөл, гууль цутгамал мөн модон сийлбэр бүтээлүүдийг дэглэсэн байна. Зуу Бурханы хоёр талд, гүнгэрваа дээр VIII Богд хаанд зориулан 1913 онд бүтээлгэсэн мянган ширхэг Аюуш /Цэнд/ бурханы зарим төлөөллийг гурав гурваар нь байрлуулсан байна. Зүүн гар талын хананд Дүншагийн 35 /наминчилгааны 35 бурхан/ бурханыг, баруун гар талын хананд Зонхаба ламыг голлуулан бүтээжээ. Баруун болон зүүн Зуугийн сүмийн таазны нүднүүдэд урт удаан оршихыг бэлгэдэж Аюуш бурхныг зурсан байна.  

Сэтгэгдэл

Сэтгэгдэл